Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Мөрөн сумтай хил залгаа сумдыг хамруулсан зөвлөгөөн боллоо.

2016-04-18

Мөрөн сумтай хил залгаа сумдыг хамруулсан зөвлөгөөн боллоо.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн  сумтай хил залгаа сумдад малын хулгай болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил бусад сумдтай харьцуулахад илүү их гардаг. Өнгөрсөн жил Алаг-Эрдэнэ сум санаачлан Мөрөн сумтай хил залгаа сумдын хамтарсан зөвлөгөөнийг санаачлан эхлүүлж байсан юм. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ -өөс Бүрэнтогтох сумыг сонгон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Жишиг сум" болгох шийдвэр гарган ажиллаж иргэд олон нийтэд мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хийж байгаагийн үр дүнд гэмт хэргийн гаралт буурч сумын зарим багт он гарсаар гэмт хэрэг, зөрчил огт гараагүй байна. Энэхүү зөвлөгөөнөөр сумд өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс хойш гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж буй талаараа мэдээлэл өгч цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаараа санал солилцлоо. Энэхүү зөвлөгөөнд Аймгийн ИТХ ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Т.Болдбаатар, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, аймгийн Прокурорын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Хадбаатар, ЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Н.Батбаяр, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид, Түнэл, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгон, Бүрэнтогтох, Тосонцэнгэл сумдын ГХУСАЗЗ-ийн дарга нар болон цагдаагийн хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд оролцлоо. Аймгийн Цагдаагийн газрын даргын илтгэлд өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дэлгэрэнгүй статистик мэдээллийг танилцуулсан бол Прокурорын газрын өгсөн мэдээллээр сумдын байгаль орчны байцаагч нар тухайн зөрчил, хэргийг торгох байдлаар шийтгэдэг, хууль бусаар бэлтгэсэн мод, агнасан амьтныг улсын орлогод авдаггүй, тухайн этгээдэд өгч явуулдаг нийтлэг зөрчил байгааг шалгалтаар илрүүлсэн талаар мэдээллээ. Цаашид хууль бус үйлдлийг Мөрөн сум руу оруулж ирдэг гарц, замуудыг хаах, хяналт тавих чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг ч сануулсан юм. Нэг суманд гэмт хэрэг буурахад нөгөө сумдад өсч буй нь хамтын уялдаа холбоо муу байгаагаас шалтгаалж буй хэрэг гэдгийг оролцогчид хүлээн зөвөөрсөн бөгөөд малын гарал үүслийн бичиг, мод бэлтгэх зөвшөөрлийн бичгийг олгоход анхаарах асуудал олон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлж байлаа. Зөвлөгөөний үр дүнд сум хооронд дээрх тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, жил бүр гэрээгээ дүгнэж ажиллахаар болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%